2011/11/11

Мэдээлэл

Мэдээллийн үнэ цэнэ өсөн нэмэгдэхийн хэрээр мэдээллийг бусдаас түрүүлж олж авах, өөрт ашигтайгаар эргүүлэхийн төлөө бид ажилладаг болсон. Гүйлгээ ухаантай хүн мэдээлэлд маш хурдан анализ хийж, өөрт хэрэгтэй зүйлсийг түүнээс гарган авдаг. Жижиг зүйлийг ч соргогоор хүлээн авснаар болзошгүй аюулыг багасгаж, ашиг орлогоо нэмэгдүүлж болно. Христийн шашны талаар манай найзын ярьсан нэг дүгнэлт байдаг юм. Христ шашинтай улс яагаад хурдан хөгжиж байна гэхээр тэд мөргөл хийхдээ чангаар өөрт байгаа зүйлсээ дурдаж, хэрэгтэй зүйлсээ бурхнаас гуйж, мөргөж, залбирдаг. Ингэснээр ойр тойрныхондоо мэдээллээ түгээнэ. Энэ нь борлуулагч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг хооронд нь уулзуулдаг. Эндээс дүгнэхэд өөрт байгаа зүйлс болон хэрэгцээт зүйлсээ бусдад хэлж, бусдын яриа, мэдээллийг авах, гээхийн ухаанаар анхаарснаар ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж чадна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж үг байдаг. Хэдийн ухаантай байлаа гээд бусадтай санаа бодлоо хуваалцаж, нээлттэй байхгүй юм бол ямар юмных нь ухаантай байх билээ. 
Дашрамд бас нэг бяцхан санаа өгөх гэсэн юм. Ашигтай мэдээлэл гэдэг нь хувь хүнд бол өөрт ашигтай мэдээллийг хэлдэг. Харин улстөрчдийн хувьд ямар мэдээллийг ашигтай мэдээлэл гэж нэрлэдэг юм юм бол?

Монголчууд ардчиллыг дэмждэг.

Монголд ардчилсан хувьсгал ялсан нь хүмүүсийн оюун санааны ялалт байсан. Тухайн үед тэмцэж байсан залуус ч ардчиллын төлөө амьдралаа золиослож чадсан зоригтонгууд. Монголчууд бид эрх чөлөө, шударга ёс, ардчилалд хайртай. Гэвч ардчиллын гал, дөл тэр цагаас эхлэн аажим аажмаар бөхөж, одоо аль ч үгүй болсон байна. Ардчилагчид маань зөөлөн сэнтийд заларч,  20 жилийн өмнө ардчилсан хувьсгалд гар, бие оролцож явснаа дурсан ярьцгаахаас хэтрэхгүй болж. Тэднээс одоо ахин шийдвэртэй алхам хүлээгээд нэмэргүй мэт. Хүмүүс ардчилалд дургуйдээ Ардчилсан намыг сонгохгүй байгаа юм биш, бидний төсөөлсөн ардчиллыг тэд өөрсдөө үгүй хийсэн.

Туйлшрал

         Ажиглаад байхад монголчууд сониуч, үгэнд оромтгой мөртлөө мартамхай юм аа. Сониуч болохоороо ч их туйлширдаг байх. Уул уурхай ярихаар бүгд л уул уурхайн мэдлэгтэй болчихно, бульхай, луйвар болохоор л хажуунаас нь харсан юм шиг ярина, өөрт хамаатай, хамаагүй ямар ч ялгаа байхгүй бүх зүйлд хушуу дүрнэ. Мэдээллийн хэрэгслээр жоохон дуулиантайхан шиг юм гарчихаар л амтай болгон шаагилдана. Муу, муухай гээд л мэдээлчихвэл нийгмээрээ газар доор ортол нь муулна. Ямар ч сайн хүнийг муу болгоно. Аливааг өөрсдөө бодож, дүгнээд, ухаж ойлгохын оронд хүний үгээр үг хийж, сургаар амьдарна. Тэгсэн мөртлөө сарын дараа гэхэд юу ч болоогүй юм шиг бүгдийг мартцан, дараагийн сенсацийн хойноос ам уралдан хушуурна.  Улстөрчид нь энийг мэддэг болохоор бүх мэдээллийн хэрэгслийг өөрийн суртал ухуулгын зэвсэг болгон ашигладаг. Сайн ч бай, муу ч бай хамаагүй олонд л танигдаж, нүдлэгдэж байхад хангалттай. Учир нь бид мартамхай.

2011/11/06

Бид 5 хошуу малаа хайрладаг уу?

           Монголчууд эрт дээр үеээс 5 хошуу малыг амьдралынхаа салшгүй хэсэг болгон ирсэн. Малаа хайрладаг, хамгаалдаг. Гэхдээ малаа хайрлана гэдэг маань яг юу билээ? Хэцүүхэн сонсогдох боловч бид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л малыг өсгөж үржүүлдэг. Энэнд хайр ямар ч хамаагүй. Эм малыг сайн хээлтүүлж байгаад л үр төлийг нь авч мал сүргийг өсгөнө. Сүү саалийг нь ашиглаж ашиглаж үр төлд нь багаханыг үлдээнэ. Тэгэхгүй бол үр төлөө алдана. Нядлаад шөл хийгээд уучихна. Сайхан ууц тавиад, бууз болгоод жигнэчихнэ. Гэрээ ачаалаад нүүчихнэ. Уяж байгаад уралдуулчихна, унаад аймаг орчихно, унацтай байвал зарчихна. Самнаад оймстой болчихно. Матрикс гээд кинон дээр хүнийг батерей болгон ашигласан талаар харуулдаг. Тэрнээс ялгараад байх зүйл алга. Бид малыг хүнээр бодвол дээрэлхэж амьдарч байна гэсэн үг. Тийм ч болохоор тэнэгдүү хүнийг малтай зүйрлэдэг. Ямаанд мөнгө өглөө гээд ямаа л лав баярлахгүй.

Хүний нохой идэхээр өөрийн нохой ид.

Бидний юмыг өмчлөх үзэл төрөлхийн байдаг. Болж л өгвөл сайн болгоныг өөртөө хамаатуулах гээд л үзчихнэ. Хүүхэд байхад надад зориулан авч өгсөн тоглоом, чихэр, хувцас гээд л бүх зүйлийг өмчирхдөг. Өөр хүүхэд, ах, эгч гээд хэн ч гуйсан өгөхгүй. Булаалгавал уйлна, араас нь нэхэл дагал болно. Өглөө гэхэд ямар нэг сүрдүүлэг, амлалтанд хууртагдаж өгнө. Учир нь бүхний түрүүнд БИ оршино. Ардчилсан үзэл үүн дээр л суурилсан. Том болж, ухаан суухын хэрээр өөрсдийгөө нийгмийн амьтан буюу БИ-үүдийн дунд амьдарч байна гэдгийг ухаарна. Өөрт байгаа зүйлсээ бусад БИ тэй хуваалцана. Гэхдээ энэ бүгдийн ард арай илүү ухамсарт нөгөөх БИ  л байдаг. Жишээ нь автобусанд өндөр настанд БИ сэтгэлээсээ суудал тавьж өгснөөр өөрийгөө хохироож буй мэт боловч БИ-д сэтгэлийн баяр, жаргал, тайвшилрыг өгнө. Магадгүй аз жаргалтай болгоно. Гаднаас харахад тухайн хүнд тусалж буй мэт боловч гол зорилго нь БИ-г л сайн сайхан байлгахад оршино. Эсрэгээрээ би өндөр настанд суудал тавьж өгмөөргүй байдаг, гэтэл хүмүүс хараад, хэлээд байдаг, зарим нь зэвүүцэн бодно. Аргагүйн эрхэнд суудал тавьж өгнө. Энэ бас л БИ-г бодсон алхам. Учир нь БИ нийгмийн амьтан учраас араа бодно. Энэ маань хүүхэд байхад байсан БИ тэй зөрчилдөх буюу ардчиллыг үгүй болгож, үүрэг гэдэг зүйлийг шинээр бий болгоно. Нэгэнт БИ ганцаар бүх насыг туулахгүй тул таалагдахгүй байсан ч нийтлэг дүр төрхтэй, үүрэгтэй, журамтай, хүнлэг байх шаардлагатай болно. Бидний бий болгож буй ардчилал хүний эрх, эрх чөлөө, өмчийг хамгаална гэдэг. Гэхдээ чиний эрх нөгөө нэг хүний эрхээр хязгаарлагдана. Үүргийг биелүүлэхгүй байж болох ч хуулийг биелүүлэхгүй байж болохгүй. Яг үнэндээ нийтлэг эрх ашгийн төлөө цөөнхийн эрхийг хязгаарлах, нөгөө талаар бүгдийг нэг хэвэнд цутгадаг. Үнэндээ хүнд минийх, биднийх, улс орных гэх зүйл байхгүй. БИ л оршдог. Бие биендээ чиний төлөө, улс орны төлөө, дэлхий ертөнцийн төлөө гэж худлаа ярихаа больцгооё. Хүн энэ ертөнцөд /өөр ертөнц байдаг эсэхийг мэдэхгүй юм/ ирэхдээ ганцаараа ирдэг.
Яавахдаа ч ганцаараа явдаг.